БИЗНЕС ТӨСӨЛД ТАВИГДАХ 12 ШААРДЛАГА

Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг хэзээ, хэн, хэрхэн хийсэн талаар төслийн нүүрэнд товч тодорхой оруулах шаардлагатай. Ямар асуудлуудыг шийдвэрлэх, хэдэн бүлэг заалттай, эрх бүхий ямар байгууллага болон мэргэжлийн ямар байгууллагуудаар хянагдаж, баталгаажсан эсэх талаар тодорхой бичих шаардлагатай. Иймд төслийн нүүрэнд эрх бүхий байгууллага, компанийн удирдлагаас баталгаажуулсан байдаг. За ингээд төслийн нүүрнээс эхлээд бусад шаардлагуудыг тус бүр авч үзье.

ТӨСЛИЙН ҮНДСЭН  ШААРДЛАГА БОЛОН ХИЙХ АРГА ЗАМ:

1. ТӨСЛИЙН ЗОРИЛГЫГ ТОДОРХОЙЛОХ.

Төслийн зорилго, зорилт, хүрэх үр дүн, хүлээгдэж буй үр ашгийг тодорхой бичих шаардлагатай байдаг.

2. ТӨСЛИЙН ЯВЦ, ҮЕ ШАТЫГ НАРИЙВЧЛАН ОРУУЛАХ

Төслийн одоогийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудал, үе шатыг тухай бүр шинэчлэн маш нарийн оруулах шаардлагатай.

3. МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДУНД ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГОД НИЙЦСЭН ҮҮ?

МУХБ нь “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого” (Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 болон 6.4 дэх заалт)-т нийцсэн санхүүжилт хийдэг.  Иймд таны бүтээгдэхүүн, үйлчилгээ нь импортыг орлож, экспортлох боломжтой талаар зах зээл, хэрэглэгчийн судалгаа хийх хэрэгтэй. Улмаар хэрхэн нийцэж байгаа талаар үндэслэлтэй тайлбар оруулна.

4. ТАНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ НЭМЭГДЭХ ҮҮ?

Төсөл хэрэгжсэнээр үйлдвэрлэлийн хүчин чадал хэрхэн нэмэгдэх талаар бичнэ. Үйлдвэрлэлийн хүчин чадлын тайланг зээл авахын өмнө авсны дараа жил бүр тогтмол гаргаж явдаг.

5. ТАНЫ ТӨСӨЛ ШИНЭЭР АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ҮҮ?

Одоо байгаа ажлын байр болон шинээр бий болох ажлын байрны нэр тоог нарийвчлан тусгана. Мөн төслийн зээлийн өмнөх ба дараагийн жилүүдэд ажиллах хүчний мэдээллийг тогтмол өгдөг.

6. ТАНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР УЛСЫН ТӨСӨВТ ТӨЛӨХ ТАТВАРЫН ХЭМЖЭЭ НЭМЭГДЭХ ҮҮ?  

Энэхүү тооцоолол нь санхүүгийн төлөвлөлтийн хэсэгт орсон байх ёстой. Зээлийн хугацаанд болон төсөл хэрэгжих хугацаанд жил тутам төлөх татварыг хэмжээ, ашиг, мөнгөн урсгалыг тус бүрд нь тооцно.

7. ТУС ТӨСЛИЙН ЦЭВЭР ӨНӨӨГИЙН ҮНЭ ЦЭНЭ (NPV), ХЯМДРУУЛАЛТЫН ХУВЬ (DISCOUNT RATE), ДОТООД ӨГӨӨЖИЙН ХУВЬ (IRR), ЗЭЭЛ ТӨЛӨХ ЧАДВАРЫН ХАРЬЦАА (DSCR) БОЛОН ХҮҮ, ТАТВАР, ЭЛЭГДЭЛ, ХОРОГДЛЫН ӨМНӨХ АШГИЙН ХУВЬ (EBITDA MARGIN) ТООЦОГДСОН УУ?

Ер нь төслийн санхүүгийн хэсэг нь хамгийн чухал байдаг тул санхүүгийн шинжилгээг маш сайн хийхийг шаарддаг. Ялангуяа төсөл хэрэгжсэнээр сар бүрийн мөнгөн урсгал, борлуулалт, харьцааны шинжилгээ эерэг, зөв тооцоололтой байх ёстой. Төслийн санхүүгийн шинжилгээг сайн хийсэн үед дээрх харьцаануудыг бүрэн тооцогдсон байдаг.

8. ТАНЫ ТӨСЛИЙН НИЙГМИЙН ҮР НӨЛӨӨ ТООЦООЛОГДСОН УУ? ТИЙМ БОЛ ЯМАР НИЙГЭМД ЯМАР ҮР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ВЭ?

Төсөл сонгон шалгаруулагч ямар ч байгууллагууд нь нийгэмд ямар үр нөлөө үзүүлэх талаар шаардах болсон. Ялангуяа олон улсын байгууллагаас хөрөнгө оруулалт татах гэж байгаа бол энэ шаардлага маш чухал байдаг.

9. ТӨСӨЛ НЬ ЭКСПОРТОД ЧИГЛЭСЭН ҮҮ?

Хэрэв тус төсөл нь шинээр экспорт хийх гэж байгаа бол экспортлох улсын шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар бичнэ. Экспортын шаардлага хангасан зөвшөөрөл, тухайн улсын шаардлагыг хангасан холбогдох бичиг баримтуудыг төсөлд хавсаргах шаардлагатай. Эсвэл танай байгууллага эрэв экспорт хийдэг бол экспортын бүтээгдэхүүний тоо, борлуулалтын хэмжээг жил бүрээр оруулах шаардлагатай. Ер нь энэ шаардлага нь МУХБ-аас шаардаж байгаа онцгой шаардлага юм.

10. ТӨСЛИЙН ТӨСӨВ БАЙГАА ЭСЭХ?

Төслийн нийт төсөв, банкнаас хүсэж буй зээлийн хэмжээ, өөрийн санхүүжилт зэргийг хөрөнгө оруулалтын хэсэгт тусгаж өгнө.

11. ТАНЫ ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙГДСЭН ҮҮ?

Байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээний мэдээлэл нь Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний мэдээллийн санд байршдаг (http://www.eic.mn/eia/generalreport.php). Та өөрийн үнэлгээний огноо болон дугаарыг байршсан линкний хамт оруулах шаардлагатай байдаг. Та байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийгээгүй бол тусгай зөвшөөрөлтэй компаниар хийлгүүлэх шаардлагатай.

12. ХЭРЭВ ТАНЫ ТӨСӨЛД ШИНЭЭР БАРИЛГА БАРИХ, ЭСХҮЛ ӨРГӨТГӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ТУСГАГДСАН БОЛ ЗУРАГ ТӨСӨЛ, ТӨСӨВ НЬ МАГАДЛАЛ ХИЙГДСЭН ЭСЭХ?

Төслийн зураг төсөл, төсвийг хэн? хэзээ? хэрхэн хийсэн? мэргэжлийн болон эрх бүхий байгууллагуудаар хянагдсан талаар бичиж, төслийн шаардлагатай бичиг баримтад хавсаргана. Зураг төсөлд экспертийн дүгнэлт гаргасан бол түүнд ямар асуудлууд туссан, зөвлөсөн талаар бичих хэрэгтэй. Ер нь тухайн төсөл нь шинэ барилга байгууламж барихтай холбоотой ажил санхүүжилтэд тусгагдсан л бол бүх бичиг баримт бүрэн зөвшөөрөгдсөн, төсөлд тусгагдсан, хавсаргасан байх шаардлагатай.

Эцэст нь хэлэхэд та дотоод, гадаадын банк, хөрөнгө оруулагчийн шаардлагыг хангасан төсөл, ТЭЗҮ боловсруулна гэдэг нь олон талын судалгаа шинжилгээ дээр хийгдсэн, стандарт агуулгын хүрээнд боловсруулагдсан бол шаардлагыг бүрэн хангах болно. Та судалгаа, төсөл хэрхэн хийх талаар мэдээллийг www.micg.mn сайтаас авах боломжтой. Та бүхэнд амжилт хүсье.